“Оюутны стратегийн өмгөөлөл, нөлөөлөл” хөтөлбөрийн нээлт боллоо

“Хил хязгааргүй хуульчид” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар судалгаа хийх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэл гаргах замаар төлөөлөн хамгаалах, боловсрол болон бие хүний хөгжилд дэмжлэг үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 

“Хил хязгааргүй хуульчид” ТББ-с хууль зүйн их, дээд сургуулийн оюутнуудын дунд “Оюутны стратегийн өмгөөлөл, нөлөөлөл” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь нийтийн эрх ашгийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах замаар төлөөлөн хамгаалах стратегийн өмгөөлөл, нөлөөллийн үйл ажиллагааг сурталчлах, оюутнуудыг дадлагажуулах, оюутнуудын идэвх, санаачлагатай оролцооны үндсэн дээр сайн жишиг тогтоох явдал юм. Хөтөлбөр нэг жилийн хичээлийн жилийн хугацаанд буюу 2020 оны 6 дугаар сар хүртэл үргэлжилнэ. Хөтөлбөрийн хүрээнд оюутнууд нийтийн эрх ашгийг хамгаалах стратегийн өмгөөлөл, нөлөөллийн талаар үндсэн ойлголт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлогийн талаар үндсэн ойлголтуудыг сургалтаар авч, улмаар багаа бүрдүүлэн кэйс (тохиолдол)-ээ сонгон төслөө бичиж оролцоно. Хөтөлбөрт хамрагдаж буй оюутнуудад идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй иргэний нийгмийн байгууллагууд болох Нээлттэй нийгэм форум, Бүх нийт боловсролын төлөө Иргэний нийгмийн үндэсний эвсэл ТББ, Лантуун дохио ТББ, Бодлогод залуусын хяналт ТББ, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбоо ТББ, Хил хязгааргүй алхам ТББ болон байгаль орчны өмгөөлөгч Ш.Жаргалсайхан нар стратегийн өмгөөлөл, нөлөөллийн үйл ажиллагааны талаар сайн туршлагуудаа танилцуулсан.   

Хөтөлбөрийн турш төсөл нь шалгарсан оюутны багуудыг дадлагажуулах, тэднийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны удирдлагаар хангах ХӨТӨЧ болохоор мэргэжлийн хуулийн фирмүүд болох Өмгөөллийн Ананд адвокатс ХХН, Өмгөөллийн Анта энд Партнерс ХХН, Өмгөөллийн БЭЗ партнерс ХХН, Өмгөөллийн Заяа энд Золоо ХХН, Өмгөөллийн Онч нүүдэл ХХН, Өмгөөллийн Эм Жэй Эл атторнейс ХХН, Өмгөөллийн Эл Би Партнерс ХХН-д хамтран ажиллаж байна. 

Хөтөлбөрт нийтдээ 11-н сургуулийн 136 оюутан бүртгүүлсэн бөгөөд хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын шатанд 4-н багийн 20 оюутан өөрсдийн боловсруулсан төслөө зохион байгуулагч нарт танилцуулсан. Хөтөлбөрийг зохион байгуулагч нар дөрвөн төслийг дэмжиж, хэрэгжүүлэх шийдвэрийг гаргаад байна. Үүнд:

  • МУИС-н Хууль зүйн сургуулийн оюутнуудын “Сэцэн” багийн “Нээлттэй хот” төсөл. Тэд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 256 дугаар тушаалын 6 дугаар хавсралт болох “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах орчны шаардлагад нийцсэн зураг төсөл зохиох дүрэм” /БД 31-112-11/-ийг заавал дагаж мөрдөх хэм хэмжээ болгох буюу техникийн зохицуулалтын түвшинд хэрэглэх боломж бүрдүүлснээр хот, тосгоны барилгажилт, орон сууцны барилга, захиргаа аж ахуйн барилга, хот суурины гудамж, зам талбай гэх мэт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах орчны бүхий л талбайг стандартын дагуу барьж, байгуулах эрх зүйн орчин бүрдүүлэх зорилгоор төслөө боловсруулсан байна. Өмгөөллийн Заяа энд Золоо ХХН “Сэцэн” багийн Хөтчөөр ажиллаж, дадлагажуулахаар сонгон Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
  • МУИС-н Хууль зүйн сургуулийн оюутнуудын “The Right” багийн “Цэвэр агаар-Тогтвортой хяналт” төсөл. Тэд төслийн зорилго нь Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хэлтсийн "утааны шүүлтүүргүй дизель хөдөлгүүртэй автобус, ачааны автомашиныг авто замын хөдөлгөөнд оролцохыг хориглох шийдвэрийн биелэлтэд хяналт тавих", "байгаль орчны хяналт"-ын чиг үүргээ хэрэгжүүлэхийг шаардах, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах, шүүхэд нэхэмжлэл гаргах замаар асуудлыг шийдвэрлүүлснээр Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хэлтэс чиг үүргийн хэрэгжилтийг бодит болгосноор агаарын бохирдлыг бууруулж, хүрээлэн буй орчин, нийтийн эрүүл мэндэд эерэг нөлөө гаргах явдал юм. Өмгөөллийн Эм Жэй Эл атторнейс ХХН, Өмгөөллийн Эл Би партнерс ХХН-үүд хамтран “The Right” багийн Хөтчөөр ажиллаж, дадлагажуулахаар сонгон Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
  • МУИС-н Хууль зүйн сургуулийн оюутнуудын “Substantive” багийн “Дахин төлөвлөлт ба хүүхдийн сурч боловсрох эрх-2021” төсөл. Тэд хот дахин төлөвлөлтийн үйл ажиллагаанаас хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, нөлөөллийг бууруулахын тулд хот дахин төлөвлөлтийг гүйцэтгэгч компани хүний эрхийн нөлөөллийн үнэлгээг хийдэг болгох зорилгыг энэхүү төслөөрөө тодорхойлсон байна. Өмгөөллийн Онч нүүдэл ХХН “Substantive” багийн Хөтчөөр ажиллаж, дадлагажуулахаар сонгон Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
  • МУИС-н Хууль зүйн сургуулийн оюутнуудын “RoL” багийн “Central mall үйлчилгээний төвийн явган хүний гарц, зам” төсөл. Тэд Central mall үйлчилгээний төв нийтийн эзэмшлийн зам талбайг зориулалт бусаар ашиглаж буй үйлдлийг таслан зогсоож, явган хүний аюулгүй зорчих боломжийг бий болгох зорилгоор энэхүү төслөө боловсруулжээ. Өмгөөллийн Ананд адвокатс ХХН “RoL” багийн Хөтчөөр ажиллаж, дадлагажуулахаар сонгон Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Эдгээр төслүүд амжилттай хэрэгжсэнээр нийтийн эрх ашгийг хөндсөн тодорхой асуудлаар сайн жишиг тогтох, оюутнууд стратегийн өмгөөлөл, нөлөөллийн чиглэлээр суралцах, дадлагажих, мэдлэг, чадвараа нэмэгдүүлэх нэгэн боломж болох юм.